Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Дэлхийн усны өдөр

Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ. Цангааг тайлах, эрүүл амьдрлыг хадгалахад ус чухал үүрэг гүйцэтгэдэг. Усны нөөц нь хөдөлмөр эрхлэлтэнд ч мөн чухал ба эдийн засгийн, нийгмийн болон хүний хөгжлийн тулгуур болно.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд 663 сая хүн ундны усны гачаал дор амьдарч байна. Ундны усаар хангагдахын тулд эдгээр хүмүүс урт цуваанд дарааллан хүлээж өөрийн хүч, хөдөлмөр цагийг ихээр зарж байна.

Дэлхийн усны өдрийг энэ жил “Яагаад бохир ус гэж?”  уриан дор өнгөрүүлж байна.

Усны салбарын нэг гол зорилго бол усны алдагдлыг бууруулах, бохир усыг цэвэршүүлэх хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тооцоогоор дэлхийн нийт бохир усны 80 % аливаа цэвэршүүлэлтгүйгээр хөрсөнд шингэж улмаар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж хүмүүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь нөхцлийг эрсдэлд оруулж байна.

Бохир ус цуглуулах, цэвэршүүлэх тогтолцоог сайжруулахад өнөөдрөөс эхлэн анхаарал тавих нь чухал юм. Үүний зэрэгцээ цэвэр усны хэрэглээг хэмнэх нь гол асуудал болж байна.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилтод бохир усыг дахин ашиглах, цэвэршүүлэх замаар усны алдагдлыг бууруулахаар тогтсон байна.

Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн 2030 он хүртэлх үзэл баримтлалд “Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг тавьсан байна. Энэ үүднээс дараах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тогтожээ.

    • I үе шат (2016-2020):Баталгаат ундны усаар хангагдсан хүн амын эзлэх хувийг 80 хувьд хүргэж, хүн амын 40 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох.
    • II үе шат (2021-2025):Баталгаат ундны усаар хангагдсан хүн амын эзлэх хувийг 85 хувьд хүргэж, хүн амын 50 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох.
    • III үе шат (2026-2030): Баталгаат ундны усаар хангагдсан хүн амын эзлэх хувийг 90 хувьд хүргэж, хүн амын 60 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох.

©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.