Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


ХӨРС БА ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД

Хүний эрүүл мэнд ямар орчинд амьдарч байгаагаас хамаардаг бөгөөд энд хөрсний эрүүл ахуй чухал үүргийг гүйцэтгэдэг. Хүний эрүүл, чийрэг биеийн хөгжил хөрснөөс шууд хамааралтай учир нь хөдөө аж ахуйн салбрын үйлдвэрлэл бүхэлдээ хөрс эрүүл байгаа эсэхээс хамаардаг. Иймээс хөрсний эрүүл ахуй, ялангуяа бохирдлын асуудал өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байх болсон.

Хөрс зөвхөн хүмүүний эрүүл, сайн сайхан амьдралын тулгуур болоод зогсохгүй амьд байгалийн хөгжлийн түлхүүр юм.

Харамсалтай нь хүн төрөлхтний эрчимтэй хөгжлийн энэ цаг үед бид санаатай болон санамсаргүйгээр хөрсийг бохирдуулж байдаг. Хөрс өөрөө бичил организмын хөгжлийн хамгийн таатай орчинг бүрдүүлдэг ч тэдгээрийн дунд хүн биднээс хамааралтайгаар өвчин үүсгэгч нян, вирус үржих болсон нь хэдийн тогтоогдсон зүйл. Сүүлийн үеийн судалгаагаар хөрсний өнгөн үе давхаргад татран, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч бактери 3 хүртэл сар хадгалагддаг бол харин манай орны нөхцөлд үүнээс ч удаан хугацаагаар хадгалагдаж болохыг ОХУ-ын Якутын БНУ-д хийсэн судалгаа харуулж байна. Эрдэмтэн Н.И.Прокопьевагийн энэ бүс нутагт хийсэн судалгаагаар хөрсний өнгөн үе давхаргад сүрьеэгийн нян 12 сар, 5 см-ийн гүнд 27 сар, 10-20 см-ийн гүнд 60 хүртэл сар хадгалагдах чадвартай байдаг байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоосноор жилд 9 сая хүн энэ өвчнөөр өвчилдөг байна. Манай улсад энэ өвчний илрэл сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэх болсон бөгөөд үүнийг нэг талаас өвчний илрүүлэлт сайжирсантай холбон тайлбарладаг ч өнөөдөр тулгамдаж буй орчны бохирдлын асуудал мөн чухал байр суурийг эзэлж байгааг санахад илүүдэхгүй болов уу. Зөвхөн Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн хэмжээнд 2000 онд 200 гаруй байсан өвчлөлийн тохиолдол 2012 он гэхэд 2 дахин нэмэгдсэн байгаа нь сүрьеэг анхаарлын гадуур орхиж болохгүй гэдгийг сануулж буй хэрэг юм.

Жил бүрийн 3 сарын 24-нд Дэлхийн Сүрьеэтэй Тэмцэх Өдрийг тэмдэглэдэг ба энэ жил энэ тэмдэглэлт өдрийг “Сүрьеэг зогсооход бүгд нэгдэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ нь байгаль судлаач бид ч мөн энэ асуудлыг хөндөх шаардлагатай болохыг харуулж байна.

Сүрьеэ бол эдгэрдэг өвчин!!! Сүрьеэг хамтаар зогсооё!!!

 

ca020f0b804c84e4original


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.