Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Даян Дэлхийн хөрсний долоо хоног болж өнгөрлөө

Өнгөрсөн 22-24-ний өдрүүдэд Германы Берлин хотноо Даян Дэлхийн Хөрсний долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жил хэлэлцэх гол асуудал нь Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад оруулах хөрс, газрын хувь нэмэр сэдэв дор болсон. Энэ хурлын гол зорилго нь ТХЗ-уудад хүрэхэд хөрс, газрын нөөцийн асуудлуудыг хэрхэн уялдуулах, ТХЗ-уудын шалгуур үзүүлэлтүүдийг бүрдүүлэхэд шаардлагатай мэдээлэл болон мэдлэгийн олон янз хэлбэрийг цуглуулахад оршисон. Хөрсний долоо хоногийн бас нэг бонцлог нь ТХЗ-ийн хэрэгжүүлэхэд оролцогч бүхий л талуудад хөрс, газар, тэдгээрийн гүйцэтгэх үүргийг таниулахад оршисон бөгөөд тус хурлаас гарах бүх илтгэлүүдээр дамжуулан “Хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн ядуурлыг бууруулах, хөгжил цэцэглэлтийг түгээх” нэртэйгээр зохион байгуулагдах дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлыг өргөтгөх юм байна.

ТХЗ-д хүрэхэд улс орнуудад тулгамдаж буй гол асуудал нь тэдгээр зорилтуудыг хэрхэн хамтаар нь шийдвэрлэх, мэдлэгийг бусдад түгээх замаар үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, бүхий л оролцогч талуудад байгаль-нийгмийн цогцолбор асуудлуудыг ойлгуулах зэрэгт оршино. Иймд өнгөрөгч долоо хоногт болсон энэхүү үйл явдал нь байгаль орчны, тэр дундаа хөрс, газрын асуудлыг дангаар нь бус нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л асуудлыг цөм болгон тавихын чухалыг хэлэлцсэнээрээ 2030 онд хийгдэх үнэлгээг хэрхэн зохистой хэрэгжүүлэхэд чухал түлхэц болсон болов уу.

Даян Дэлхийн Хөрсний долоо хоногийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны 12 сарын 20-ны A/RES/68/232 тогтоолоор баталгаажуулж 2014 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Хөрс бол эх дэлхийн амьдралыг илтгэх, түүн дээр хөгжиж буй бүхий л амьд биесийн амьдралыг тэтгэх онцгой өвөрмөц биологи, геологи, газарзүйн бүтээгдэхүүн билээ. Түүнийг хамгаалах, түүний тогтвортой байлгах, ариун байлгах нь ХХI зууны гол асуудал юм.

 

 


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.