Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


ОЛОН УЛСЫН ХӨРСНИЙ АРВАН ЖИЛ 2015-2024 он

Олон Улсын Хөрс Судлалын Холбооноос 2015-2024 оныг “Олон улсын хөрсний арван жил” болгон зарлалаа

Олон Улсын Хөрс Судлалын Холбоо (ОУХСХ) 2015 оны 12-р сарын 7-ны өдөр “Венийн Хөрсний Тунхаг бичиг”-ийг гаргасан. Энэ тунхаглалд хүн төрөлхтний өмнө тулгарч буй байгалийн нөөцийн хомсдол, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд болон нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд хөрсний гүйцэтгэх үүрэг ач холбогдлыг тодорхойлсон.

Энэ үйл явдлыг тохиолдуулан ОУХСХ нь гишүүддээ хандан 2015 оны Олон улсын хөрсний жилийн хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн 2024 онд болох ОУХСХ байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж улам идэвхтэй ажиллахыг уриаллаа.

“Амжилт болон ирээдүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт 2015 оны Олон улсын хөрсний жилийн баярын хурлын үеэр ОУХСХ-ны ерөнхийлөгч Райнэр Хорн 2015-2024 оныг Олон Улсын Хөрсний Арван Жил гэж зарласан байна.

ОУХСХ-ны Гүйцэтгэх Хороо болон Зөвлөл нь энэ хугацаанд хийгдэх ажлын зорилго, чиглэлийг тодорхойлох үндсэн үүрэгтэй ажиллах болно.

Мөн түүнчлэн бүх салбар, зөвлөл, ажлын хэсэг, үндэсний, бүс нутгийн болон бие даасан гишүүд, төдийгүй холбогдох салбарын мэргэжилтнүүд нь улс төр шинжлэх ухааны төлөвлөлт, шийдвэр гаргах, эрүүл амьдрал, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг олон салбарт хөрсний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг ойлгуулах, идэвхтэй ажиллахыг уриалсан байна.

2015 оны Олон улсын хөрсний жилийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үргэлжлэл нь Олон Улсын Хөрсний Арван Жил байна. Энэ хүрээнд олон улсын болон үндэсний хэмжээнд тодорхой арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.