Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


МОНГОЛ ОРНЫ ХӨРСНИЙ АНГИЛЛЫН ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАР

Монгол орны хөрсний ангиллыг олон улсын практикт өргөн ашиглагддаг шинж чанарын зарчимд нийцүүлэн шинэчлэн боловсруулах ажлыг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын судлаачид хийж гүйцэтгэлээ.

Хөрсний шинэчилсэн ангилалд Хөрс үүсвэрийн үйл явцШинж чанар гэсэн зарчмыг баримталсан. Хөрсний тодорхойлолтонд шинж чанарын үзүүлэлтүүдийг голчлон ашиглаж олон улсын (WRB-2014) хөрсний ангиллын шалгуур үзүүлэлтүүдийг (Mollic, Gypsic, Calcic г.м.) түлхүү хэрэглэсэн байна.

Хөрсийг хээрийн нөхцөлд хурдан шуурхай энгийн аргаар тодорхойлох зорилгоор хөрсний ангиллын шинэчлэлийг хийлээ. Хөрсийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүд ойлгомжтой байхаас гадна олон улсад нийтлэг хэрэглэгдэж буй аргачлалыг аль болох ашигласан.

Мөн нилээд олон уламжлалт хөрсний нэршлийг хадгалан үлдэж хөрсний онцлог шинжийг илүү тодотгосон.  Уламжлалт хөрсний ангиллын нэршлийг хадгалж үлдсэн: Харшороон, Хүрэн, Бор, Борзон г.м. Газарзүйн шинж чанартай нэршлийг аль болох бага хэрэглэж, өөрчилсөн: Уулын, Нугын, Хээрийн гэх мэт. Хээрийн нөхцөлд хөрсийг аль болох хялбар тодорхойлох зарчмыг баримталсан. Нийт хөрсний 12 бүлэг, 33 хэвшинж, 150 төрлийг тодорхойлсон (Батхишиг О. Монгол орны хөрсний ангилал. Монголын хөрс судлал. 2016 (1). Хөрс судлалын холбоо. Улаанбаатар. 1: 18-31).

Хөрсний ангиллын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлохдоо энгийн ойлгомжтой тоон  үзүүлэлтүүдийг ашигласан. Дэлхийн бусад ихэнх улс орнууд хөрсний ангилалд тоон үзүүлэлтүүдийг өргөнөөр ашиглаж байна.  Оросын хөрсний сүүлчийн ангилал ч мөн ялгаагүй шинж чанарын үзүүлэлтүүдийг илүү тодорхой болгосон байна (Tonkonogov; Lebedeva; Shishov, 2001). Монгол орны хөрсний ангиллын өмнөх хувилбаруудад хөрсний шинж чанарыг тоон үзүүлэлтүүд харьцангуй бага, тодорхой биш байсан (Доржготов, Батбаяр 1986). Хээрийн нөхцөлд хөрсийг тодорхойлох оношлох, лабораторийн задлан шинжилгээний дүнг ашиглан хөрсний нэршлийг тодруулахад хөрсний шинж чанарын тоон үзүүлэлтүүд чухал юм.

Хөрсний шинж чанарын тоон үзүүлэлтүүдийг боловсруулахад 2006 оны дэлхийн хөрсний ангилалд ашиглагддаг үзүүлэлтүүдийг түлхүү хэрэглэсэн (Guidelines for soil description, 2006). Жишээлбэл: Монгол оронд хамгийн их тархсан аж ахуйн хувьд ач холбогдолтой Хүрэн хөрсний ялзмагт давхаргыг Mollic  үе давхаргатай адил гэж үзэж  органикийн агууламж 1 % -иас их байна гэж тодорхойлсон. Говийн хөрсний өнгөн давхаргын органик агууламж 1 %-иас бага байна гэсэн үзүүлэлт нь 2006 оны Олон улсын хөрсний ангиллын үзүүлэлт болно (IUSS Working Group WRB, 2006).

Олон улсны хөрсний ангилалд ашиглагддаг тоон үзүүлэлтүүдийг бүгдийг нь шууд авч ашиглах боломжгүй байгаа учраас Монгол орны онцлог нөхцөлд тохирсон үзүүлэлтүүдийг шинэчлэн боловсруулсан.  Хөрсний ангиллыг цаашид сайжруулах боловсронгуй болгож хөгжүүлэх талаар анхаарах шаардлагатай.

ice_screenshot_20170426-133642


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.