Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Монгол орны цэвдэгт үзэгдлүүд

Монгол орны цэвдэгт бүс нутагт хөлдөх гэсэх үйл явцтай холбоотой үүсдэг цэвдэг ул хөрсний хүйтний хагарлын ан цав, ул хөрсний овойлт, дулааны хөндийлж (термокарст), хөрсний гулсалт, халиа тошин, чулуун асга, бөөрөг, нохойн хонхор зэрэг цэвдэгт үзэгдлүүд үүсдэг(Д.Төмөрбаатар, Монгол орны улирлын болон олон жилийн цэвдэг чулуулаг, 2004).

Бөөрөг

Ул хөрс хөлдөхдөө эзлэхүүнээ тэлэн,  гадаргын гүдгэр хэлбэрийг үүсгэх үзэгдлийг ерөнхийд нь“ ул хөрсний овойлт” гэдэг.  Хөрсний овойлтыг хэлбэр, хэмжээнээс нь хамааран өөрөөр нэрлэх нь бий.  Хөрсний овойлтын  хамгийн түгээмэл  үзэгдлийг Монголд “бөөрөг” гэж нэрлэдэг. Бөөргийг цаг хугацааны хувьд улирлын болон олон жилийн гэж ангилна. Улирлын бөөрөг нь өвлийн цагт булаг шандын ойролцоо чийгээр ханасан шавар, шавранцар хөрсөнд үүсдэг.Зуны цагт гэсэж алга болдог онцлогтой. Олон жилийн бөөрөг нь Хангайн нурууны ар бие , Тэсийн голын эх, Чулуутын голын хөндий, Цэцэг нуур, Налайхын хотгор, Олгой нуурын хотгор, Дархадын хотгор зэрэг газруудын томоохон нуурын шавранцар ул хөрсөнд ганц нэгээрээ болон бүлэг байдалтай тархсан байдаг. Олон жилийн бөөргийн харьцангуй өндөр 2-5 м, голч нь 50-100 м хүрдэг бол улирлын бөөргийн харьцангуй өндөр 0.5- 1 м, голч нь 1-2 м байдаг.

Олон жилийн бөөргийг гарал үүслээр нь нээлттэй тогтолцоот, хаалттай тогтолцоот гэж ангилдаг.  Нээлттэй тогтолцоот бөөрөг нь газар доорх усаар тэжээгдэн хөлдөж овойхдоо дотроо мөсөн цөмтэй болсон байдаг. Хаалттай тогтолцоот бөөрөг нь гүний усны үйл ажиллагаа хязгаарлагдмал бөгөөд цэвдэг үүсэх, хөгжих идэвхжлийн үед гэсгэлэн давхарга хоорондын ус хөлдөж, овойлт үүсгэж хэлбэрждэг.

Дархадын хотгорын Арсайн бөөргийн насыг  C14-ийн  изотопоор 4500 жилийн настай болохыг тогтоосон судалгаа бий[Я.Жамбалжав,М. Ишикава “Дархадын хотгорын Арсайн бөөргийн нас, үүслийн судалгаа, 2015]

ice_screenshot_20170427-151012

Хүйтний хагарал

Өвлийн улиралд чийглэг хөрс хөлдөхдөө эзлэхүүнээ тэлж хагардаг. Хөрсний хүйтний хагарал нь гол төлөв элсэнцэр, шавранцар ул хөрсөнд үүсдэг онцлогтой. Эхлээд 5-10 см өргөн, 1 м орчим гүнтэй ан цавууд үүснэ. Тэдгээр ан цав чулуулгийн төрлөөс хамааран олон талт , элдэв өнцөгтийн сүлжээг бий болгодог. Жилээс жилд хөлдөх тутам ан цав томорч, тоо нь ч нэмэгддэг.  Дархадын хотгорт хүйтний хагарал нэн элбэг. Хагарлын гүн 10 м хүртэлх байх нь бий. Хагарлын ан цаваар ус орж хөлдөж, мөсөн шаантаг үүсгэдэг Хүйтний хагарал нь дөрвөлжин, тав, зургаан өнцөгт, шугаман хэлбэртэй байдаг. Харин жижиг хагарлууд гол нуурын хөндийн элсэнцэр шавранцар хурдсанд үүснэ.

ice_screenshot_20170427-151122

Дулааны хөндийлж

Цэвдэг хөрсний өнгөн хэсгийн мөс хайлж, тэр тушаа гадарга доож сууж, хотгор хонхор үүсэх үйл явц юм. Дулааны хөндийлж нь ул хөрсөн дэх дарагдмал судал, мэшил мөс хайлснаас үүсдэг. Цэвдэг аажмаар гэсэхдээ эхлээд хуурай хонхор үүсгэх ба сүүлдээ уг хонхор усаар дүүрдэг.  Үүний үр дүнд үүссэн нуурыг дулааны хөндийлжийн нуур буюу “термокарстын нуур” гэдэг. Дулааны хөндийлж үүсэх хэд хэдэн үе шат бий.  Манай орны  Алтай, Хангай, Хэнтийн  нуруугаар дулааны хөндийлж тохиолдоно. Хөвсгөлийн Дархадын хотгорт дулааны хөндийлжийн гаралтай хэдэн зуун нуур бий.

ice_screenshot_20170427-103152

Халиа, тошин

Тошин нь газрын гадаргад цэвдэгт давхарга хоорондын болоод цэвдгийн доорх ус бялхан хөлдөхөд үүсэх мөсөн толбо маягийн тархалтай үзэгдэл юм.  Халиаг хөрсний усны болон голын гэж хуваадаг. Өвлийн цагт хөрс хөлдөх үед хөрсний ус шахагдан гадаргад гарах үзэгдэл юм. Хөрсний усны халиа булаг шандын ойролцоо үүсдэг.  Голын халиа ус хөлдөхдөө голдрилоосоо халин гарч голын татмыг эзлэхийг “голын усны халиа” гэнэ.  Цэвдэг тархсан хот суурин газар халиа нь эдийн засгийн ихээхэн хохирол учруулах эрсдэлтэй.

ice_screenshot_20170427-151231

Нохойн хонхор

Монгол орны үргэжилсэн болон тасалданги тархалттай цэвдгийн бүслүүрт тохиолдох нэгэн өвөрмөц цэвдэгт үзэгдэл бий. Үүнийг нутгийн иргэд “Нохойн хонхор” хэмээн нэрлэдэг.  Гадаргын хувьд тэгш талархаг газарт нохойн хонхор элбэг. Цэвдгийн алдралаас үүдэж гадаргын өнгөн хэсэг доош сууж, 0.5- 0.8 м ийн гүнтэй, 1-.1.5 м голчтой хонхор үүсдэг.  Дархадын хотгор, Тэрхийн голын хөндийд нохойн хонхор бүхий талархаг гадарга элбэг тохиолддог.

ice_screenshot_20170427-151053

 


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.