Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Монгол орны цэвдэгт бүсэд тархсан термокарстын нуурын урт хугацааны өөрчлөлтийн судалгаа

Термокарстын нуур нь мөсжилт ихтэй цэвдэгтэй газар үүсдэг тул энэ нь цэвдгийн алдралыг илтгэх үндсэн индикатор болдог (van Everdingen, 2002). Сүүлийн жилүүдэд уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр дэлхийн бөмбөрцөгийн хойт хагаст тархсан цэвдэг эрчимтэй алдралд орж термокарстын нуурууд шинээр үүсэж байна (Grosse et al., 2013). Иймд судлаачид термокарстын нуурын тоо болон гадаргын усны өөрчлөлтийг Аляск, Канад, Хятад, Сибирийн цэвдэгт бүсүүдэд онцлон судалсаар байна (Smith 2005, Plug et al., 2008, Grosse et al., 2008, Riordan et al., 2009). Харин Монгол орны хэмжээгээр термокарстын нуурын өөрчлөлтийн судалгаа өнөөг хүртэл хийгээгүй учир бид Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг бүс нутгууд, томоохон хотос, хөндийд орших ялгаатай 7 цэг сонгон авч термокарстын нууруудын урт хугацааны өөрчлөлтийг тодорхойлж гаргасан (Saruulzaya et al., 2016).

ice_screenshot_20170427-110130

Зураг 1. Монгол орны цэвдгийн тархалттай бүсүүд дэх термокарстын нууруудын судалгааны цэгүүд. Нуурын гадаргын усны талбайг 1962-1968 оны Corona  хиймэл дагуулын мэдээгээр тодорхойлж, хар өнгөөр үзүүлэв (Saruulzaya et al., 2016).

Энэхүү судалгаагаар Монгол орны үргэлжилсэн ба тохиолдлын тархалттай цэвдэгт бүсүүд дэх ялгаатай  судалгааны цэгүүдэд термокарстын нуурын динамикыг судалсан. Өндөр нарийвчлалтай Corona KH-4, KH-4A, KH-4B (1962-1968), Landsat ETM + (1999-2001), болон ALOS/AVNIR-2 (2006-2007) хиймэл дагуулын мэдээ ашиглаж 0.1 га-аас дээш талбайтай нууруудад анализ хийсэн. Термокарстын нууруудын тоо болон талбай нь үргэлжилсэн тархалттай цэвдэгт бүсэд +21% (347-420), +7% (3680 га – 3936 га)-иар тус тус нэмэгдсэн. Сүүлийн 45 жилийн хугацаанд нийт 85 нуур шинээр (166 га) үүссэн нь термокарстын нуурын өөрчлөлттэй хамааралтай байсан. Харин эсрэгээрээ тохиолдлын тархалттай цэвдэгт бүсэд 1962-2007 оны хооронд нуурын тоо болон талбай  −42% (118-68), −12% (422 га – 371 га)-иар буурсан. Энэхүү өөрчлөлт нь уур амьсгал болон тухайн газрын цэвдгийн нөхцлүүдээс хамаарч байсан. Учир нь 1962 оноос хойш жилийн дундаж агаарын температур, боломжит ууршилт үргэлжилсэн тархалттай цэвдэгт бүсэд тохиолдлын тархалттай бүстэй харьцуулахад илүү өссөн. Иймд уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр газрын доорх мөсжилт ихтэй цэвдэг гэсэж, үргэлжилсэн тархалттай цэвдэгт бүсэд нуурын тоо болон талбай өссөн. Тохиолдлын тархалттай цэвдэгт бүсэд термокарстын нуурын ширгэсний үр дүн нь магадгүй устаж алга болж байгаа цэвдэг, ихсэж байгаа гадаргын усны ууршилт болон газрын доорх усны нэвчилтийн нөлөөлөөс хамаарсан байх боломжтой.

Эх сурвалж: A.Saruulzaya, M. Ishikawa, Ya.Jambaljav. “Thermokarst Lake Changes in the Southern Fringe of Siberian Permafrost Region in Mongolia Using Corona, Landsat, and ALOS Satellite Imagery from 1962 to 2006”, Journal of Advances in Remote Sensing. 2016. 5, pp 215-231.

 


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.