Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Монгол орны цэвдгийн тархалтын 1: 1000 000 хураангуйлалтай зураг

1971 онд ЗХУ, БНМАУ-ын хамтарсан “Монгол орны цэвдгийн тархалтын 1: 1 500 000 хураангуйлалтай зураг” зохиогдсноос хойш “Монгол орны цэвдгийн тархалтын зураг” шинэчлэгдээгүй байсныг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Газарзүй- Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэмтэн судлаачдын баг ” Монгол орны цэвдгийн тархалтын 1 : 1 000 000 хураангуйлалтай зураг” зохиох ажлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны захиалга, НҮБ-ын Дасан зохицох сангийн санхүүжилтээр 2014-2015 оны хооронд хийж гүйцэтгэв.

Монгол орны цэвдгийн мониторингийн цооногууд болон цаг уурын станц, харуулуудын олон жилийн температурын мэдээ, инженер геологи болон цэвдгийн судалгааны үр дүнг ашигласан зураг гэдгээрээ давуу талтай юм.

Монгол орны цэвдгийн тархалтын шинэчилсэн зурагт цэвдэг нь тасалданги, алаг цоог хэлбэртэйгээр Монгол орны нийт газар нутгийн 29.3%-д тархаж буйг тодорхойлсон. Үргэлжилсэн тархалттай бүслүүрт улирлын гэсэлтийн гүн дэх жилийн дундаж температур буюу цэвдгийн дээд хилийн жилийн дундаж температур нь -2°С-ээс бага, тасалданги тархалттай бүслүүрт энэ температур нь -2°С ба -1°С хооронд, алаг цоог тархалттай бүслүүрт -1°С ба 0°С хооронд, тохиолдлын тархалттай бүслүүрт 0°С ба +1°С хооронд тус тус байдаг бол улирлын хөлдөлтийн бүсэд улирлын хөлдөлтийн гүн дэх жилийн дундаж температур нь +1°С-ээс дээш гэж ангилсан.

13012876_1001077136648410_5961663449347413467_n
Монгол орны цэвдгийн тархалтын 1 : 1 000 000 хураангуйлалтай зураг нь шинжлэх ухааны суурь болон хавсарга шинжлэх ухааны салбарууд болон байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, хүрээлэн буй орчны судалгаа шинжилгээнд ашиглах чухал ач холбогдолтой бүтээл болно.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.