Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Тогтвортой хөгжлийн тулгуур болох газрын нөөцийг баталгаажуулахад шинжлэх ухааны хамтын ажиллагааг Монгол-Солонгосын эрдэмтэд эхлүүлж байна

1995 оноос эхлэн дэлхийн нийтээр, ялангуяа ган, цөлжилт, газрын доройтлын асуудалд нэрвэгдээд байгаа улс орон, бүс нутагт 6 сарын 17-ны өдрийг Дэлхийн Цөлжилттэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 22 жил болж байна.

БНСУ-ын Ойн Хорооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Ногоон Хэрэм төсөл энэ жил цөлжилтийн өдрийг тохиолдуулан “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиумыг 2017 оны 6 сарын 15-ны өдөр Шангри-Ла Баллрүүмд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

IMG_2805-1

Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 3 сарын 9-ны 44-р тогтоолоор Ногоон Хэрэм Үндэсний хөтөлбөрийг 2005-2035 онд хэрэгжүүлэхээр баталсан байдаг билээ. Манай улсын энэхүү санаачлагыг БНСУ-ын Ойн Хороо сайшаан хүлээн авч хоёр засгийн газрын хэмжээний хамтын ажиллагааны гэрээний үндсэн хэсэг болсон байдаг. 2007 оноос энэхүү гэрээгээр хэрэгжиж буй Ногоон Хэрэм төсөл нь өнгөрсөн хугацаанд гандуу бүс нутгийн нийт 3050 га-д ойжуулалт хийгээд байгаа юм.

Энэ хамтын ажиллагааны гол хэрэгсэл нь шинжлэх ухаан байсан бөгөөд төслийн амжилттай хэрэгжилтэнд Монголын талаас ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Ойн Тэнхимийн эрдэмтэн судлаачид, Солонгос талаас Солонгосын Ой Судалгааны Хүрээлэн, Донкукийн Их Сургууль зэрэг 5 Их Сургуулийн эрдэмтдийн оролцоо чухал нөлөө үзүүлж ирсэн. Өнөөдөр болж байгаа хурлын гол зорилго нь өнгөрсөн хугацаанд Ногоон Хэрэм төслөөс олж авсан мэдлэг, сургамжийг хэлэлцэж цаашид Тогтвортой Хөгжлийг Хангахад газрын менежменттэй уялдсан асуудлыг хэрхэн шинжлэх ухаанчаар шийдвэрлэх тал дээр БНСУ-ын туршлага хуваалцахад оршилоо.

IMG_2812-1

Өнөөдрийн байдлаар Байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230.5 мянган га байгаа гэж тооцогдож байгаа бөгөөд цаашид ойжуулсан талбайг нэмэгдүүлэх, ялангуяа хуурай гандуу бүс нутагт ойн тогтолцоог бий болгох замаар ган хуурайшил, газрын доройтлыг бууруулахад зөвхөн ой ургуулаад зогсохгүй тэрхүү ойн талбайгаас тогтвортой орлого бүрдүүлэхийг чухалчилж байгаа билээ. Иймд гандуу бүс нутагт ойжуулалтыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, орон нутгийн ард иргэдэд орлогын эх үүсвэрээ тэлэхэд шинжлэх ухаан, технологийн ямар шийдлүүд байгааг таниулан ойлгуулах нь 2030 он гэхэд газрын доройтлыг тэглэх бодлогын чухал асуудал болж байгааг хурлын үеэр эрдэмтэд онцлон тэмдэглэсэн.

IMG_2932_1

НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенциос Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг энэ жил “Бидний газар, бидний гэр, бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ нь газрын нөөц баялаг, түүний менежментэд оролцох бүхий л сонирхогч талуудад асуудлыг шийдвэрлэх, мэдлэгээ тэлэх, бүх шатны хамтын ажиллагааг бий болгох замаар дэлхий нийтийн том зорилтыг улс орондоо хэрэгжүүлэх шаардлагатайн дохио болно.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.