Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид болон бизнесийнхэн Монгол Улсад Газрын доройтлыг тэглэх асуудлыг хэлэлцэв

Дэлхийн Цөлжилттэй Тэмцэх Өдрийг Монголд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, ШУА, НҮБХХ-өөс хамтран зохион байгуулж буй “Газрын доройтлыг тэглэх бодлогыг Монголд хэрэгжүүлэх нь” сэдэвт уулзалт ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн хурлын танхимд 2017 оны 6 сарын 16-нд зохион байгуулагдлаа.

IMG_2962_1

2015 онд Цөлжилтийг сааруулах, Газрын доройтлыг тэглэх томоохон зорилтыг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенциос тодорхойлж улмаар 2030 он гэхэд хүрэх Тогтвортой Хөгжлийн Зорилтод “газрын доройтолгүй болох” зорилтыг тавин ажиллаж байна.  Манай улс 1995 оноос хойш цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилгоор 3 үе шаттай үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх хуулийг санаачилан баталж, тэдгээрийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. 2015 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь их бага хэмжээгээр газрын доройтол, цөлжилтийн үйл явцад өртөөд байна. Судалгааны дүнгээр нийт газрын доройтол, цөлжилтөнд өртсөнд тооцогдох газар нутгийн 12.2 хувь буюу 191.2 мянган хавтгай дөрвөлжин километр талбайд нөхөн сэргээх, газрын тогтвортой менежментийн арга хэлбэрүүдийг нэвтрүүлснээр ХАА үйлдвэрлэлийг дорвитой нэмэгдүүлэх боломж Монголд бий. Дээр дурьдсан олон улсын томоохон зорилтыг гүйцэлдүүлэхэд эдгээр хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, газрын доройтлыг тэглэх зорилтыг үндэсний хэмжээнд тодорхойлох, хэрэгжилтийг бататгах хэрэгцээ их байгаа билээ.

Газрын доройтол, цөлжилтийн асуудлыг дан ганц иргэн, судалгааны хүрээлэн, олон улсын төсөл, хөтөлбөр, салбарын яам дангаар хэрэгжүүлж чадахгүй нь сүүлийн 22 жилд хэдийн тодорхой болоод байгааг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенци өөрийн талуудын бага хурлын шийдвэртээ тусгасан байна. Иймд хувийн хэвшилийн шууд болон эрэлт нийлүүлэлтийн хэлхээгээрээ дамжуулан дам утгаар газрын доройтлыг тэглэх бодлогыг гүйцэлдүүлэхийг чухалчилж байна.

Энэхүү уулзалтын үеэр НҮБ-ын тодорхойлсон шинэ зорилт, түүнд хүрэх зорилгоор томъёолсон шинэ стратегийг таниулах болон Монголд энэ зорилтыг гүйцэлдүүлэхэд бизнесийн оролцоог хэрхэн хангах болон бодлого, үйл ажиллагааны чиглэлүүдийг харилцан ярилцах замаар шүүн хэлэлцэж Газрын Доройтлыг Тэглэх Стратегийн үндсэн чигийг гаргах санал солилцоход оршисон. Хурлын хүрээнд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон бизнесийнхэнд асуудлыг танилцуулсан мэдээллийн товхимол бэлдэн тараасан нь цаашид энэ асуудлаар гурван түвшинт эргэх холбоог бий болгох үндэс болсон гэж дүгнэж байна. Хурлын үеэр Монголд газрын доройтлыг тэглэх зорилтыг тодорхойлох хэрэгцээ байгаан зэрэгцээ энэ зорилтод хүрэх боломж байгааг талууд дурьдаад үүнд шийдвэр гаргах түвшинд бизнест ээлтэй татвар, урамшууллын орчинг бүрдүүлэх, шинжлэх ухаан технологийг дамжуулах нягт хамтын ажиллагааг бий болгохын чухалыг цохон тэмдэглэсэн байна.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.