Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


БИДНИЙ ГАЗАР, БИДНИЙ ГЭР, БИДНИЙ ИРЭЭДҮЙ өдөрлөг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулагдлаа

Манай улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийг соёорхон баталснаас хойш 22 жил өнгөрчээ. Гэвч ган, газрын доройтол, цөлжилтийн асуудал улам бүр хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд 2015 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь их бага хэмжээгээр доройтоод байна.

Газрын доройтол, цөлжилтийг бууруулах арга нь газрын тогтвортой менежмент буюу ус, хөрс, ургамал нөмрөгийг зохистой ашиглах явдал юм. Тиймээс ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн Хүрээлэнгийн Цөлжилтийн Судалгааны Төв 2015 оноос хойш 6-р сарын 17-ны “Дэлхийн Цөлжилттэй Тэмцэх Өдөр”-ийг жил бүр хамтрагч байгууллагуудтайгаа тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхийн улс орнуудад цөлжилт, газрын доройтлыг бууруулах, түүнээс үүдэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх арга замыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг билээ.

Энэ жил “Бидний газар, Бидний гэр, Бидний ирээдүй!” уриан дор ард иргэд, хувийн хэвшлийнхэн, бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчдад хандан газрын доройтлыг тэглэх стратегийг сурталчлах, улмаар цөлжилт, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн өдөрлөгийг БОАЖЯ, Монгол-Солонгосын Ногоон хэрэм төсөл, НҮБХХ-тэй хамтран Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр газрын доройтлыг тэглэх дэлхий нийтийн зорилтод хэрхэн хүрэх, энэхүү зорилтод хүрнээр нийгэм-эдийн засаг, засаглалд ямар эерэг өөрчлөлт бий болохыг олон нийтэд энгийн, хялбар, тетрчилсан болон циркийн үзүүлбэрээр ойлгуулах, газрын тогтвортой менежментийг бизнес хөгжүүлэхэд хэрэхн нэвтрүүлж болох зэрэг асуудлыг бодит жишээ, бичил бизнесийн үлгэр дууриаллаар харуулахыг бид зорьсон. Ийнхүү нийт 8 аж ахуйн нэгж тус өдөрлөгийн хүрээнд өөрийн байгальд ээлтэй үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа.

2015 оноос НҮБ-ын ЦТК “Газрын доройтлыг тэглэх стратеги”-ийг улс орон бүрт хэрэгжүүлэх, тэр дундаа өөрийн оронд тэрхүү стратегитой холбогдсон зорилтуудыг тодорхойлохыг зөвлөмж болгосон. Монгол Улс цөлжилтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах зорилгоор 2012 онд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх хууль”-ийг санаачлан боловсруулж УИХ-аараа батлуулсан байдаг. Гэвч олон улсын зорилго, санаачлага, хууль журмын хэрэгжилтийг хангахад ард иргэдийн оролцоо хэрэгтэй байгаа бөгөөд манай аянд нэгдэж цөлжилт, газрын доройтлыг тэглэх сайн туршлага, зөв аргуудыг түгээхэд хувь нэмрээ оруулсан бүх зочид, төлөөлөгчид, хамтрагч байгууллага болон ирсэн иргэддээ талархаж байна.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.