Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


ӨРХ ТАСРАХ НЬ ХӨДӨӨГИЙН ХҮН АМЫН СУУРЬШИХ ҮЙЛ ЯВЦЫН ИЛРЭЛ МӨН.

Өргөн уудам нутаг дэвсгэрт сийрэг тархан суурьшсан хүн ам, нүүдэлч амьдралын хэв маягаас шалтгаалан боловсролын үйлчилгээг хүргэхэд зардал ихтэй, бэрхшээлтэй байдаг нь манай орны өвөрмөц онцлог (UNDP, 2004) бөгөөд үүнээс улбаалан үр хүүхэддээ чанартай боловсрол эзэмшүүлэх гэсэн малчид суурин амьдралд тэмүүлэх хандлага улам нэмэгдсээр байна. Хөдөөгийн малчид хүүхдээ сургах, эмчлүүлэх зэрэг шалтгаанаар малчин өрхийн гишүүдийн зарим нь (эмэгтэйчүүд, хүүхдүүд) тогтмол 6 сар хүртэл хугацаагаар сумын төвд оршин сууж байгаа нь тэдний нутагшилтанд өөрчлөлт оруулж, малчдын суурьшлын хандлага болж (Оюунгэрэл, 2005) байна.

Ийм учраас аливаа статистик мэдээ, иргэний бүртгэлд бүртгэгддэггүй хүн амын нутагшилтын хэлбэрүүдийн хооронд явагдаж буй шилжих хөдөлгөөнийг байгалийн бүс, бүслүүр, аймгийн төвөөс алслагдсан байдал зэрэг газарзүйн хүчин зүйлсээр нарийвчлан судалсанд бидний судалгааны ач холбогдол оршиж байна.

Энэхүү судалгааны зорилго нь боловсролын үйлчилгээний нөлөөгөөр явагдаж байгаа малчин өрхийн суурьшлын хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, түүнд нөлөөлж буй нийгэм эдийн засгийн газарзүйн хүчин зүйлсийг илрүүлэх юм.

Зорилгодоо хүрэхийн тулд түүврийн судалгааг шаталсан байдлаар түүврийн холимог аргаар (ҮСХ, 2007) явуулсан бөгөөд судалгаанд хамрагдах сумдыг аймгийн төвөөс алслагдсан байдал, хатуу хучилттай автозамаас алслагдсан байдал, хүн амын тоо, байгалийн бүс, бүслүүр зэргийг харгалзан зорилготой түүврийн аргаар сонгон авсан. Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Орхон, Баяннуур, Рашаант, Хангал, Дундговь аймгийн Өндөршил, Цагаандэлгэр, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хархорин, Төв аймгийн Эрдэнэсант сумдад (зураг 1) хээрийн судалгаа явуулж сум тус бүрээс 20 малчин өрхийг (нийт 247) санамсаргүй түүврийн аргаар сонгон авч санамсаргүй сонгогдсон өрхөд очиж өрхийн тэргүүлэгч эсвэл өрхийн гишүүнтэй (насанд хүрсэн иргэн) уулзаж, урьдчилан бэлтгэсэн анкетын дагуу ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулсан.
ice_screenshot_20170628-181017

Хөдөөгийн малчид хүүхдээ сургах, эмчлүүлэх зэрэг шалтгаанаар малчин өрхийн гишүүдийн зарим нь (эмэгтэйчүүд, хүүхдүүд) тогтмол 6 сар хүртэл хугацаагаар сумын төвд оршин сууж байгаа нь тэдний нутагшилтад өөрчлөлт оруулж, малчдын суурьшлын хандлага болж байгаа (Оюунгэрэл, 2005) бөгөөд хүн амын нутагшилтын хэлбэрүүдийн хооронд явагдаж байгаа шилжих хөдөлгөөн буюу өрх тасран амьдрах хэлбэр нь хөдөөгийн малчид хичээлийн жилийн туршид хүүхдийнхээ амьдрах байрны асуудлыг шийдэж байгаа түгээмэл хэлбэрүүдийн (Steiner Khamsci 2003, Caroline Dyer 2015, Areall Ahearn 2016) нэг юм. Өнөөгийн малчдын хамгийн түгээмэл сонгож байгаа хэлбэр нь (бидний судалгаагаар 37.4 хувь) өөрсдийн хашаа, гэр, байшиндаа эсвэл айлын хашаанд өөрсдийн гэрээ барьж (өрх тасрах) хүүхдээ сургуульд суулгах хэлбэр байна.

Хөдөөгийн малчид өрх тасран сумын төв, суурин газар тусдаа гэр, байшин барин амьдрах хэлбэр нь малчин өрхийн эдийн засгийн байдлаас (боломжтой айл, боломжгүй айл) ихээхэн (Steiner Khamsci, 2003) хамаардаг. Өөрөөр хэлбэл өрх тасран амьдардаг малчин өрхүүд хүүхдийнхээ сургуулийн бэлтгэлийг хангах, 2 дахь гэрээ худалдан авах, туслах малчин хөлслөх зэрэг санхүүгийн бэрхшээлүүдийг дагуулдаг тул банкнаас зээл авч шийдвэрлэдэг (Caroline Dyer 2015, Areall Ahearn 2016) байна. Гэхдээ өрх тасран сумын төв, суурин газарт амьдарч цаашлаад суурин амьдралд шилжиж байгаа үзэгдэл нь тухайн өрхийн эдийн засгийн боломжоос гадна байгалийн бүс бүслүүр, сумын төв болон аймгийн төвөөс алслагдсан байдал зэрэг газарзүйн хүчин зүйлсээс шалтгаалж байгааг илрүүлсэн нь энэхүү судалгааны үр дүн юм.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.