Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


“Дэлхийн хүн амын өдөр” ба Монгол улсын хүн ам

“Дэлхийн хүн амын өдөр” ба Монгол улсын хүн ам
1987 онд дэлхийн хүн ам таван тэрбумд хүрсэн бөгөөд үүнээс хоёр жилийн дараа буюу 1989 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Удирдах зөвлөлөөс хүн амын тулгамдсан асуудлаар анхаарал хандуулах зорилготойгоор жил бүрийн 7 сарын 11-ныг “Дэлхийн хүн амын өдөр” болгон тэмдэглэх болсон юм.
Уг өдрийг хүн амын асуудлууд, хүрээлэн байгаа орчин, тогтвортой хөгжлийн асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах, бодлого төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлүүдийг харгалзан үзэхийн чухлыг шийдвэр гаргагчдад ойлгуулах, хүн амын болон хөгжлийн хөтөлбөр, хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх гарц хайхад олон улсын анхаарлыг хандуулах зорилгоор тэмдэглэдэг.
Тус өдөр манай орны хувьд НҮБ-ын хүн амын сан холбогдох бусад байгууллагуудтай хамтран хүн амын эрүүл мэндийн боловсрол, нөхөн үржихүй, хүмүүжлийн тухай ойлголт өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зэрэг ажлын хүрээнд ухуулга, мэдээлэл сурталчилгааны ажил хийдэг.
Дэлхийн хүн ам 1804 онд нэг тэрбум, 1960 онд гурван тэрбум, харин 1998 онд 6 тэрбум хүрсэн. Манай улс анх хүн амын тооллогыг 1918 онд явуулж хүн амын тоо 647,500 гэж тоологдсон байдаг. Түүнээс хойш тооллогыг арван жил тутам хийдэг болсон бөгөөд 2010 оны тооллогоор Монгол Улсын хүн амын тоо 2,6 сая гэж тоологдсон, гадаадад 100 гаруй мянган хүн ажиллаж, амьдарч байгааг оруулбал 2,7 сая гэж тоологдсон байна. 2017 оны 6 сарын байдлаар Монгол улсын хүн амын тоог 3150511 гэж Монгол улсын үндэсний статистикийн хороо гаргажээ.
Монгол улсын нийт хүн амын 46.1 хувь буюу 1440.4 мянган хүн Улаанбаатар хотод, 53.9 хувь буюу 1679.4 мянган хүн бусад орон нутагт амьдардаг байна.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.