Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Монгол орны агуй судлалын тухай

Монголын агуй судлалын холбооны тэргүүн, Олон улсын агуй судлалын холбооны гишүүн, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Эрдэнэдалайн Авирмэд
Untitled

Агуй нь жуулчдын сонирхлыг ихээр татаж байдаг байгалийн болон түүх соёлын дурсгалт газар юм. Манай орны нутаг дэвсгэрт 500 орчим томоохон агуй байгаа ба агуйтай гэсэн мэдээ бүхий газар 1800 орчим бий. Үүний 399 агуйг үзэж судлан газрын зурагт тэмдэглэн үлдээжээ. Одоо судалгаа хийгдсэн 120 гаруй агуй байгаагийн дотроос хамгийн урт нь 1.2 км Цагаан дэлийн агуй, хамгийн гүн нь Сөөгтийн агуй 72.5 м юм. Монгол орны агуйнууд нь урт гүнээрээ бага боловч агуйн бүрэлдэл, түүх соѐл, археологийн дурсгалаараа дэлхийд алдартай.
Untitled
Хөвсгөлийн Даяндээрхийн агуй, Хуйтын агуй Цагаан хадны агуй, Ховдын Хойд Цэнхэрийн агуй, Баянхонгорын Цагаан агуй, Сүхбаатарын Талын агуй, Дундговийн Шар Ханан, Дорноговийн Цагаан дэл, Завханы Эхийн агуй, Өмнөговийн Гурван Зээрд, Говь-Алтайн Газар агуй, Хэнтийн Сөөгтийн агуй зэрэг олон томоохон агуй бий.
ice_screenshot_20170704-192837
Хүн төрөлхтөн балар эрт цагт агуйгаар оромж хийж орогнон байсан тул зарим нэгэн агуйд хүний хэрэглэж байсан чулуун зэвсэг, ясан зэвсэг, эд өлгийн зүйлсийн үлдэгдэл, агуйн хана туурганд сийлсэн буюу будаг, зосоор зурсан элдэв амьтны сүг зураг, гал түлж байсны ул мөр үнс, чандруу цөөнгүй олддог байна.
Хүмүүс агуйг янз бүрийн үед ашиглаж байсны ул манай орны агуйнуудад тод хадгалагдан үлджээ. Хүний нийгмийн хөгжлийн эрт үед агуй нь орон сууц, хоргодон амьдрах газар болж байлаа. Нийгмийн өөрчлөлт нь агуйн ашиглалтын шинж байдлыг ээлжлэн халсаар иржээ. Агуйг палеолит, неолитийн үеэс 20-р зуун хүртэл орон сууц амьдрах газар, палеолитын үед зургийн галерей, ид шид мөргөл ѐслолын газар, 20-р зуны сүүл үе хүртэл оршуулгын газар болгон ашиглаж байжээ. Дундад зууны үеэс 20-р зуун хүртэл мал хаших газар, дундад зуунд болон 20-р зууны дунд үеэс даянчлах, алт мөнгө хийдэг газар болгон ашиглаж байсан байна. 19-р зуны дундаас одоо хүртэл аялал жуулчлал, хурим хийх, бүтээгдэхүүн хадгалах газар, шорон, театр, концерт, бүжгийн заал болгон ашиглаж байсан ба 20-р зуунаас эмнэлэг, ресторан, гуанз, музей, лабортори, вино хийх газар, даянчлал, мөөг тарих, цэцгийн аж ахуй, нөөц хадгалах газар, нуувч, цэрэг дайны зорилгод ашигласаар иржээ.
ice_screenshot_20170704-192859
Монгол орны агуйнуудад дээд палеолитийн үеэс хойш хүн амьдран сууж байсан ажээ. Ховд аймгийн Манхан сумд орших Хойд Цэнхэрийн агуйн сүг зураг нь МЭӨ 40-20000 жилд палеолитийн уран зураачдын гараар бүтээгджээ. “Энд хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд үүнийг өндөр, хурц хөгжсөн сэтгэл, уран сайхны их авъяастай палеолитийн уран зураачид амьдарч байсныг гэрчилнэ.” гэж Зөвлөлтийн эрдэмтэн академич А.Г. Окладников 1972 онд бичжээ. Хойд Цэнхэрийн агуйн зургуудыг агуйн дээврийн хэсэгт улаан зосоор зурж урласан байдаг юм. Хойд Цэнхэрийн агуйн сүг зураг Монгол орны нутаг дэвсгэрт хаданд цохиж сийлсэн болон улаан зосон зургуудаас юуны өмнө агуйд байдгаараа онцлог юм. Агуйн хананд сэлмэн эвэрт зэрлэг бух, аргаль, адуу, тэмээний зураг мөн тэмээн хяруултай төстэй сонин хачин шувуу, заан, могойн зураг бий. Хүн амьдарч байсан агуйнууд нь морфологийн хувьд дулаан, гэрэлтэй бүс ихтэй, жижигхэн амтай томоохон танхимууд эсвэл нарийн хонгилоор тусгаарлагдсан томоохон танхим бүхий агуйнууд байгаа юм.
ice_screenshot_20170704-192920
Дэлхийн аль ч улс орны аялагч жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг бол агуй юм. Агуйг тоноглож төхөрөмжлөөд нийтийн аялал жуулчлалд ашиглаж байна. Зөвхөн ОХУ-ын Кунгурын мөсөн агуйд жил бүр 200 000 орчим жуулчид ирдэг бол мөн алдартай Анакопийн хөндийлжийн агуйд жил бүр 350 000-400 000 хүн зочилдог байна. АНУ-ын Арслан зааны агуйн үндэсний паркийн гарц Кентукийн Агуйн хотод жилд 2 500 000 хүн ирдгээс 500 000 нь агуйн аялал жуулчлалаар ирдэг байна. Манай орны томоохон агуйнуудыг сүүлийн жилүүдэд жуулчид ихээхэн үзэж сонирхож байна. Даян дээрх, Хойд Цэнхэр, Талын агуй, Эхийн агуй, Хүнхрийн агуй, Цагаан агуйг олон зуун жуулчид үзэж сонирхож байна. Талын агуйд жилд дунджаар 3000-3500 жуулчин, 600-700 машин ирдэг ажээ.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.