Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Мэндчилгээ

d.battogtokh

Та бүхэн Шинжлэх ухааны Академийн Газарзүй-Геоэклогийн хүрээлэнгийн цахим хуудсанд тавтай морилно уу.

XX-р зууныг дэлхийн хэмжээнд үйлдвэржилтийн зуун хэмээн тодотгодог тэгвэл XXI зуунд хүн төрөлхтөний хөгжил дэвшилд зарчмын болоод агуулгын ихээхэн өөрчлөлт гарч, шинжлэх ухаанд түшиглэсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийн эрин үе эхэлсэн гэж үздэг. Энэ зууны хандлага бол баялаг капиталд чиглэсэн бус улс орнууд эдийн засгийн тогвортой хөгжлийг хангахад мэдлэгийг түшиглэдэг, мэдлэгээ үүсгэдэг, арилжаалдаг эдийн засгийн шинэ хандлагуудыг бий болгож байна.

Монгол орны газарзүйн байрлал, эрс тэс уур амьсгал, эмзэг экосистем, мал аж ахуй, газар тариалангийн салбарын  цаг уураас хамааралтай байдал, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг нь Монгол улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хүчин чармайлтыг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгож байгаа. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүн амын зохисгүй үйл ажиллагаанаас улбаалан хүн амын эрүүл мэндийг доройтуулах шинэ шинэ нөхцөл байдал үүсэх, хөдөө орон нутагт байгаль орчны төлөв байдал өөрчлөгдөх, усны нөөц хомсдох зэрэг сөрөг үр дагавар үүсч байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мөнх цэвдэг, мөсөн голууд хайлж, экосистемийн хүрээ өөрчлөгдөн, жилийн дундаж хур тунадас хэлбэлзэх, цөлжилт эрчимтэй түрж, бэлчээр хомсдох хандлага үүсч байгаа нь шинжлэх ухааны судалгаагаар нотлогдож байна. Иймээс эдгээр сөрөг хүчин зүйлийг даван туулах шинжлэх ухаанч арга ухаан, технологийг нэвтрүүлэгч байгууллага нь ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн юм.

Тус хүрээлэн нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг судлах, тэдгээр салбаруудад мэдлэг, инновацийг нэвтрүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангуулахад чиглэн ажиллаж байна.

Энэхүү цахим хуудас та бидний мэдлэг, мэдээлэлийг солилцох хамтын ажиллагааны талбар болно гэдэгт би итгэлтэй байна.

 

Эрхэм дээд эрдэм мэдлэг үргэлж дэлгэрэх болтугай!

 

 

Хүндэтгэсэн,

Шинжлэх ухааны Академийн

Газарзүй-Геоэклогийн хүрээлэнгийн Захирал,

Доктор(PhD) Доржготовын Баттогтох


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.