Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө

Зураглалын Equilibrium Modell ашиглаж Монгол орны цэвдгийн орон зайн загварчлалын аргазүй боловсруулж, Монгол орны нөхцөлд туршин нутагшуулж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгийн орон зайн загварчлал, зураглалын ажлуудыг хийсэн. Мөн цэвдгийн өөрчлөлтийг (Permafrost Dynamics Model, Transient Modelling) харуулах цаг хугацааны загварчлал хийх аргазүй боловсруулж байна. Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны захиалга, НҮБХХ-ийн санхүүжилт бүхий “Монгол орны цэвдгийн тархалтын зураг (1:1000000)” төслийн ажлыг Доктор Я.Жамбалжаваар ахлуулсан цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилчид хийж гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн. 1971 оны байдлаар Монгол орны нийт газар нутгийн 63% - д тасалданги болон алаг цоог хэлбэрийн цэвдгийн тархалттай байсан бол 2015 оны байдлаар энэ хувь 29.2% болсон байна. Гэвч энэ нь Монгол орны цэвдгийн талбай 50 гаруй хувиар буурсан гэсэн үг биш бөгөөд цэвдгийн тохиолдлын тархалттай бүслүүр 28.1% (1971 он), 7.3% (2015) болж цэвдэг тархах боломжтой талбайн хэмжээ буурсан бөгөөд дээрхи хугацаанд Монгол орны цэвдгийн тархалт нийтдээ орчим 5%-аар багассан байна.
Тус сэдэвт ажлын хүрээнд Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Архангай аймгийн Хашаат сумд, Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газрын хөрс, газар ашиглалт, геоморфологи, ургамалжилт, ландшафтын 1: 200 000 масштаб бүхий сэдэвчилсэн зургуудын эхийг зохиож, хөрсний дээжийг лабораторийн задлан шинжилгээнд оруулан тодорхой үр дүнг гаргаж байна. Элсэн тасархай дахь суурин судалгааны төвийн туршилтын талбайд явуулж буй ойн зурвасны тогтолцоог бий болгох, манхан элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах, байгалийн нуурыг нөхөн сэргээх зэрэг технологиудын туршилт судалгааг явуулж, ховор мод, сөөгийг хүлэмж болон ил талбай зэрэг хувилбаруудаар тарьж ургуулах, усалгааны тоног төхөөрөмжүүдийг 4 хувилбараар, усны ууршилтыг хэмжих, хортон шавьжийг цуглуулах зэрэг багажуудыг тавьж, автомат цаг уурын станц байршуулж аргазүйн дагуу мониторингийн судалгааг явуулж байна.
Ойт-хээрийн экосистемийн байгаль, газарзүйн төлөв байдал, өөрчлөлтийн талаарх мониторинг судалгааг Тэрэлж голын сав, Налайх орчмын нутгийн жишээн дээр явууллаа. Судалгаа явуулсан нутгийн газрын бүрхэвч, геоморофологи, хөрс, ургамал, ой, цэвдэг, уур амьсгал, гадаргын ус зэрэг байгалийн үндсэн нөөцийн төлөв байдал, өөрчлөлтийг хээрийн судалгаа болон автомат станцын мэдээний үндсэн дээр тодорхойлсон. Судалгааны үр дүнгээр “Тэрэлж голын сав газрын геосистем” эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдсэн.
Монгол орны хэмжээнд нийт 120 гаруй цэвдгийн мониторинг ажиглалтын цэг байдаг ба эдгээр мониторинг цэгүүдийн нийт төсөвт өртөг нь нэг тэрбум орчим төгрөг болно. Энэхүү цооногуудыг гадаад болон дотоодын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд өрөмдөж, тоноглон хэмжилт судалгаа явуулж байна. Цэвдэгт бүс нутгийн өмнөд захаар 1970-1980 аад оны үед цэвдэгтэй гэж тэмдэглэгдэж байсан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Айраг нуурын хөндий, Төв аймгийн Баян сумын нутаг Гурвантүрүү, Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг Сумайн нуурын хөндий, Дорнод аймгийн Матад сумын Матад уулын ар бэл тус тус өнөөдөр цэвдэггүй болсон нь тус судалгааны үр дүнгээр батдагдсан. Мөн Монгол орны цэвдэгт бүс нутгийн өмнөд хэсгээр термокарстын нуурын тоо болон талбайн хэмжээ сүүлийн 50 жилд буурсан бол хойд хэсэгт эсрэг дүр зураг ажиглагдана. Монгол орны цэвдгийн мониторинг сүлжээ байгуулж гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийг татан оролцуулах, мониторингийн сүлжээний тогтвортой ажиллуулах, мөн мониоторингийн сүлжээнд тулгуурлан криоген үзэгдлийн судалгааны ажлуудыг тус тус хийсэн. Монгол оронд дэлхийн хойд хагаст үргэлжилсэн тархсан цэвдгийн өмнөд хил оршдог учраас манай орны цэвдэг нь нэн эмзэг төдийгүй уур амьсгалын дулаарал, хүрээлэн буй орчны өөрчлөлт зэргийг илтгэн харуулах гол үзүүлэлт болдог учир эдгээр цооногууд нь бүс нутгийн төдийгүй олон улсын ач холбогдолтой. Цэвдэг судлалын салбарын хамтран ажилладаг Олон Улсын Цэвдэгийн холбооноос мониторингийн сүлжээг цаашид тогвтортой ажиллуулахыг хүсэж байгаа болно. Тус ажлын хүрээнд, 2011 онд “Уулархаг хуурай гандуу бүс нутгийн цэвдэг” сэдэвт 2-р бүгд хурал зохион байгуулсан. Эрдэм шинжилгээний 6 өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн. Дотоодод эрдэм шинжилгээний өгүүлэл 5, гадаад дотоодод эрдэм шинжилгээний илтгэл 16 танилцуулсан байна.
Энэхүү суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд 2010 оноос эхлэн Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг сумдын нутгаар хээрийн судалгаа явуулсаны зэрэгцээ цаашид урт хугацаанд судлах экологийн ялгаварт бүс нутгуудаас нийт 10 цэг сонгон ажиллаж байна. Энэхүү судалгааны хээрийн судалгаа явуулах аргазүйд заагдсаны дагуу трансект сонгож хээрийн судалгаагаар 80 ш ургамлан нөмрөгийн шавьжийн дээж, хөрсний шавьжийн 25 ш дээж, Булган аймгийн Рашаант сумын ард иргэдээс WOCAT/LADA аргачлалаар нийгэм-эдийн засгийн асуулга судалгаанд нийт ард иргэдийн 30 хувийг хамрагдсан. Түүнчлэн ургамлын дэлгэрэнгүй бичиглэл 22-ийг хийж, урт хугацааны судалгааны цэгүүдээс 10 дээж, хөрсний 60 дээж, харин суурин судалгааны цэгүүдээс 60 дээж авч лабораторийн шинжилгээ хийж бэлэн болгожээ. Эдгээр цуглуулсан дээж материал, шинжилгээний дүн зэрэг нь эрдэм шинжилгээний тайлан бичих гол материал болох юм. Мөн тус бүс нутгийн хүрээнд М1: 100 000 масштаб бүхий хөрсний, геоморфологи, ургамалжилт, газар ашиглалтын зураг зохиож бэлэн болгосон байна.
Төслийн хүрээнд Архангай аймгийн Өгийнуур, Хотонт, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Баянгол, Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга сумдыг загвар болгон судалж холбогдох үр дүнг гаргав. Төслийн хүрээнд Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумдын хэмжээнд цөлжилтийн зэрэглэл, илэрч буй хэлбэрийг үнэлсэн судалгааны үр дүнгээс харахад ургамлан нөмрөгийн доройтол, усны элэгдэл, эвдрэл Дашинчилэн, Рашаант суманд, салхины элэгдэл, эвдрэл Дашинчилэн суманд , хүний нөлөө Баяннуур, Рашаант суманд илүүтэй илэрч Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумдын нутгийн 17.1, 25.3, 54.9 хувь нь цөлжилтийн сул, дунд, хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлээр доройтсон байна. Эдгээрээс Дашинчилэн суманд 79.53 км2, Баяннуур суманд 7.79 км2, Рашаант суманд 15.24 км2 талбай цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлээр доройтсон байна. Түүнчлэн цөлжилт, газрын доройтолд хүний хүчин зүйлийн нөлөөллийн гол аспект болох малын тоо толгойн 1985-2010 онуудын өсөлт, өөрчлөлтөнд дүн шинжилгээ хийж үзэхэд судалгаанд хамрагдсан сумдын малын тоо толгой 1995 онд хэт өсөлттэй, 2005, 2010 онуудад аажмаар өссөн байна. Эндээс малын тоо толгойд бэлчээрийн даацын хүрэлцээ хир зэрэг байгааг судалж үзэхэд Гучин-Ус сумын бэлчээр нутаг 70.9 мян. толгой мал барих чадавхитай байна. Харин одоогийн байдлаар тоо хонин толгойд шилжүүлснээр 209.4 мянган мал байгаа нь бэлчээрийн даац 2.9 дахин, Баянгол суманд 2.7 дахин хэтэрсэн дүн гарч байна

©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.