Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Усны нэгдсэн менежмент

Туул голын савын гадаргын ба газар доорхи усны харилцан үйлчлэл, хотын усны гачигдал, усаар хангах боломжийн үнэлгээг гаргахын тулд Туул голын ай савын газрын доорхи усны мониторингийн 8 цэгт сар бүр хэмжилт хийж мэдээллийг нэгтгэн боловсруулж. усны түвшний өөрчлөлт, усны чанарын өөрчлөлтөд хяналт тавьж байна. Улаанбаатар хотын газрын доорхи усны мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1800 худгийн судалгааг арга зүйн дагуу бүрдүүлээд байна. Энэ хүрээнд 411 худаг – усны чанарын 16 үзүүлэлтээр, 140 худаг – гидрогеологийн параметрийн 8 үзүүлэлтээр, 1200 худаг – гидрогеологийн параметрийн 3 үзүүлэлтээр мэдээллийн санд орсон байна. Эдгээрээс нийт 440 худгийн байршлыг тодорхойлон орон зайн мэдээллийн санд оруулж дагалдах хүснэгтэн мэдээллийг оруулсан байна. Туул голоос цуглуулсан ёроолын шавжийн дээж материалыг лабораторийн нөхцөлд тодорхойлон үр дүнгээр нь “Туул голын бохирдлын мониторинг үнэлгээ (усны амьтдын жишээн дээр) тайлан, “Туул голын усны амьтдын мэдээллийн сан, тэдгээрээр усны бохирдлыг тодорхойлох хялбарчилсан арга” зөвлөмж боловсруулсан байна. Мөн үерийн эрсдлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулжээ.
Сэдэвт ажлын хүрээнд Туул голын сав газрын усны химийн бүрэлдэхүүн, чанар ямар түвшинд байгаа, усны чанарт нөлөөлөх хүчин зүйлүүдэд үнэлгээ, дүгнэлт өгөх; Орхон голын сав газрын голуудын урсацын өөрчлөлт (хаталт ширгэлт); байгалийн үер усны аюул гамшгийн нөхцөл нь голын гулдирал, татмын байдал, түүний өөрчлөлтийн төлөв байдалд хэрхэн нөлөөлж буйг судлан тогтоох; эдгээр хүчин зүйлүүд хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдал хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох зэрэг болон суурин газруудын усан хангамжийн байдалд үнэлгээ өгөх асуудалд анхаарлаа хандуулан усны менежментийн хөгжлийн чиг хандлагыг загварчлан, зохистой ашиглах хамгаалах үндэслэл боловсруулаад байна. Хүнд металлын судалгаагаар Туул голд (Сонгиноос доош) хром, Сэлбэ голд хар тугалга, цайр, Хангал голд зэс, никель, Бороо голд мөнгөн ус, хүнцэл, хар тугалга, никель зэрэг элементүүд илэрч байгааг тогтоосон ба цаашид нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай байгааг тодорхойлсон. Судалгаанд хамрагдсан голуудын үндсэн 20 цэгээс усны хөвөгч амьтны дээж авч боловсруулалт хийхэд Дархан хотын цэвэрлэх байгууламжийн ус, Хараа голтой нийлсэн цэгт 7 төрөлд хамаарах хөвөгч амьтан тэмдэглэгдсэнээс салаа сахалт хавчийн багийн Chydorus spaericus, Daphnia longispina, Ceriodaphnia pulchella зүйл, сэлүүр хөлт хавчид хамаарах Cyclops vicinus, Acanthocyclops viridis зүйлийн хавч, хүрд хорхойд хамаарах Brachionus guadridentatus, Filinia longiseta зүйлүүд илэрсэн байна. Ерөө голын хар усан тохойд сэлүүр хөлт хавчаас Acanthocyclops vernalis, ялангуяа хүрд хорхойноос Asplanchna priodonta, Keratella cochlearis cochlearis, Brachionus calyciflorus элбэг байсан, салаа сахалт хавчаас Bosmina longirostris зүйл тохиолдож байгааг илрүүлсэн байна. Сэдэвт ажлын хүрээнд голуудын усанд хийсэн шинжилгээний дүнгээс харахад Орхон голын усны эрдэсжилт, хатуулгийн хэмжээ урсгалынхаа дагуу нэмэгдэж байснаа маш цэнгэг, их устай Ерөө гол нийлсний дараа дахин багасч байна. Харин хүнд металлын агууламж тодорхойлсон дүнгээс үзэхэд Ерөө голын усанд хөнгөн цагаан, төмрийн агууламж харьцангуй өндөр байгаа нь Орхон голын усанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Мөн ёроолын хагшаас дахь хүнд металлын агууламжаас үзэхэд алтны үйл ажиллагаанаас үүсэлтэй хөнгөн цагааны агууламж маш өндөр байгаа нь тогтоогджээ.
Сэдэвт ажлын хүрээнд Туул голын морфометрийн болон ус зүйн үндсэн үзүүлэлтүүдийг хэмжин сав газрын усны станц харуулуудын мэдээ материалыг цуглуулан боловсруулалт хийж, Туул голын газрын доорхи усны томоохон хэрэглэгч Улаанбаатар хотын ус хангамжийн Дээд, Төв эх үүсвэрийн болон Дулааны 3,4-р цахилгаан станцын техникийн усны эх үүсвэрт газрын доорхи усны мониторингийн 4 цэгт хяналт-хэмжилтийг сар бүр хийж ирэв. Сэдвийн хүрээнд Туул голын ай савын хэмжээнд геоморфологи, гидрогеологи, ус судлалын хийгээд бүх төрлийн ус хэрэглээг судалж, усны менежментийн обьектуудын одоогийн байдалд үнэлгээ өгсөн байна. Судалгааны үр дүнд Улаанбаатар хотын усны нөөц, Туул голын гадаргын болон газрын доорхи усны харилцаа холбоог уламжлалт болон усны байгалийн изотопын аргаар судалж дэлхийн дулаарал болон хотын оршин суугчдын өсөлтөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд Туул голын горим үндсэндээ өөрчлөгдсөнийг тогтоож Улаанбаатар хотын усны шинэ эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэх бодлогын зөвлөмж боловсруулаад байна. Туул голын хөндийд нийт хүн амын тэн хагасаас илүү нь төвлөрч Туул голоос хот ундаалж усны экологийн даацыг үл тоон ашиглалт явуулж, усыг бохирдуулж, усны аюулд өртөж, нөхөн сэргэх байгалийн даацаас хэтрүүлж байгааг тогтоож зохистой ашиглах усны менежментийн загвар (MMDS-4) –ыг туршин нутагшуулж байна. Мөн хаягдал бохир усны тоо, чанарын цагийн өөрчлөлтийн судалгааг хийснээр цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд үнэлгээ өгч цаашид авах хэмжээний санал боловсруулан шийдвэр гаргах түвшинд танилцуулаад байна. Энэ бүхнээс үзэхэд Монгол оронд аж ахуйн нөлөөлөлд хамгийн их өртсөн, бохирдсон голын нэг нь Туул бөгөөд түүний экосистемийг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах асуудал манай орны нийгэм эдийн засгийн хөгжилд нэн ач холбогдолтой юм.

©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.