Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Байгаль орчин ба хүн ам

Сэдэвт ажлын хүрээнд сүүлийн үеийн мэдээлэл, хээрийн явуут судалгааны материал, орчин үеийн газарзүйн мэдээллийн сангийн программ хангамжуудыг ашиглан Төв бүсийн нийгэм эдийн засгийн иж бүрэн тодорхойлолт, үйлдвэрлэл нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөв байдал, ирээдүйн хөгжлийн хандлагыг тогтоох зорилго тавин ажилласан. Бэлчээрийн тэжээлийн хүрэлцээ нь Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудад хасах утгатай, хомсдолтой буюу 64-112 мян тн тэжээлийн нэгжтэй тэнцэх тэжээл дутагдаж байгаа бол Сэлэнгэ, Дархан, Төв аймгуудад 100 гаруй хувьтай болсон нь Төв бүсийн хэмжээнд бэлчээрийн тэжээлийн нөөц чадамжийг дээшлүүлэх аль эсвэл нөөцөд тохирсон малыг барьж байх шаардлагатай гэж үзэж байна. Өмнөх тогтолцооны үед бүрэлдэн бий болсон эдийн засгийн хөгжлийн нөхцөл байдал, байгалийн нөөцөөс хамааран Төвийн бүс дотор ялгаатай бичил бүсүүд илүү илэрч байна. Аж үйлдвэрийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын ялгаа цаг хугацаа өнгөрөх тусам улам нэмэгдэн, хэсэгчлэн хөгжих (fragmentation) хандлага нь улам тод илрэх болжээ. Төв бүсийн газар тариалангийн бүс нутаг засаг захиргаа нутаг дэвсгэрийг зохион байгуулалтыг шинэчлэн хил хязгаартай болгон засаг захиргааны удирдлагаар ханган хамгаалалтад авч газар зохион байгуулалтыг шинжлэх ухааны үндэстэй хийх шаардлагатай гэж үзэж байна.
Геополитик ба нийгэм эдийн засгийн шинэ нөхцөл дэх Монгол, Орос(Буриад)-ын хил орчмын бүс нутгийн нийгэм эдийн засаг ба хүн амзүй сэдэвт олон улсын хамтарсан судалгааны ажлын түүх эдийн засаг нийгмийн газарзүйн талаас нь цогцолбор байдлаар судалж, хил орчмын бүс нутгийн хүн амзүй, нийгэм-эдийн засгийн өнөөгийн байдал болон хөгжлийн хэтийн хандлагыг тодорхойлж, шилжилтийн үеийншинэ нөхцөл Монгол Оросын (Буриадын) хил орчмын бүс нутгийн хамтынг ажиллагааны шинэ загварыг боловсруулахыг зорисон болно. Судалгааг Монгол улсын (Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймаг) болон Бүгд найрамдах Буриад улсын (Закаменск, Джидинск, Кяхта, Тункийнск) хил орчмын бүс нутагт явуулсан бөгөөд зарим үр дүнг олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлж хэвлэн нийтлүүлээд байна.
Монгол улсын байгалийн янз бүрийн бүсэд амьдардаг малчдын эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг малчдын амьдралын хэв маяг (хооллолт, хүнсний хэрэглээний бүтэц, аж төрөх ёсны хэлбэр, бэлчээр ашиглах арга, мал аж ахуй эрхлэх арга, эрүүл мэндийн хүртээмж, үйлчилгээ гэсэн үзүүлэлтээр)-аар дамжуулан нийгмийн газарзүйн судалгаа хийж, хөдөөгийн малчдын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад төрөөс баримтлах бодлогын үндэслэлийг боловсруулсан. Энэ төслийн үр дүнгээс Social Science and Medicine, Nomadic people, National Geographic зэрэг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн.Энэ судалгааг Канад улсын Монреал Их сургуультай хамтран явуулсан.
Энэ төслийн үр дүнд тус улсын засаг захиргааны хуваарь бүрэлдэн тогтоход нөлөөлж буй байгалийн нөхцөл, түүхэн хүчин зүйл, эдийн засаг, нийгмийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, бэлчээрийн мал аж ахуй эрхлэх байгаль –газарзүйн үнэлгээг шалгуур үзүүлэлт болгон тус бүрт нь нарийвчилсан том масштабын судалгаа хийж, нийслэл, 26 хот, 68 хошууны зохион байгуулалттай байх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Төслийн үр дүнгээр зөвлөмж, үндэслэл боловсруулан Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлсэн.

©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.